ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч UBCAB платформоор дамжуулан үйлчилгээ захиалах, төлбөр төлөх, үйлчилгээ авах, гомдол хүсэлт гаргахтай холбоотой харилцаанд үйлчилнэ.
  2. Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр UBCAB платформ ашиглахтай холбоотой гэрээний харилцаа үүснэ.
  3. Юбикаб нь хэрэглэгч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийг холбох технологийн платформ, зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байна.
  4. Энэхүү нөхцөл нь зөвхөн UBCAB платформоор дамжуулан захиалж, гүйцэтгэсэн үйлчилгээний харилцаанд хамаарна. Платформоос гадуур хэрэглэгч, жолооч, мерчант болон бусад этгээд бие даан тохиролцсон харилцаанд Юбикаб хяналт тавих боломжгүй.
  5. Юбикаб нь хууль тогтоомж, үйлчилгээний төрөл, технологийн өөрчлөлт, мэдээллийн аюулгүй байдал, төлбөр тооцоо болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах шаардлагаас шалтгаалан энэхүү нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
  6. Үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг UBCAB аппликейшн, www.ubcab.mn вэбсайт, хэрэглэгчийн бүртгэлтэй холбоо барих суваг болон бусад тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. Хэрэглэгч өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд шинэчилсэн нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

2. Нэр томьёоны тодорхойлолт

  1. “Аппликейшн” гэж UBCAB гар утасны аппликейшн, мини апп болон UBCAB үйлчилгээ авах боломжтой бусад цахим хэрэглүүрийг хэлнэ.
  2. “Платформ” гэж UBCAB аппликейшн, вэбсайт, мини апп, программ хангамж, сервер, өгөгдлийн сан, төлбөр, захиалга, хэрэглэгчийн бүртгэл, жолоочийн холболт болон үйлчилгээний удирдлагын системийг хэлнэ.
  3. “Хэрэглэгч” гэж UBCAB платформд бүртгүүлсэн, эсхүл UBCAB платформоор дамжуулан үйлчилгээ захиалж, авч буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
  4. “Юбикаб” гэж UBCAB платформыг эзэмшигч, хөгжүүлэгч, ашиглагч “Юбикаб” ХХК болон үйлчилгээний төрөл тус бүрээр оролцож буй түүний хамаарал бүхий бусад хуулийн этгээдийг хэлнэ.
  5. “Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч” гэж UBCAB платформоор дамжуулан хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж буй жолооч, мерчант, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч болон бусад этгээдийг хэлнэ.
  6. “Жолооч” гэж UBCAB платформоор дамжуулан хэрэглэгчид зорчигч тээвэр, хүргэлт, түрээс, дуудлагын жолоочийн болон холбогдох бусад үйлчилгээ үзүүлж буй этгээдийг хэлнэ.
  7. “Үйлчилгээ” гэж UBCAB платформоор дамжуулан захиалах стандарт такси, хувийн тээврийн хэрэгсэлтэй этгээдийн зорчигч тээвэр, автомашин түрээс, шуурхай хүргэлт, дуудлагын жолооч болон Юбикабаас санал болгох бусад үйлчилгээг хэлнэ.
  8. “Төлбөр” гэж үйлчилгээний төлбөр, Юбикабын зуучлалын хөлс, нэмэлт үйлчилгээний төлбөр, татвар, хураамж, оргил цагийн нэмэгдэл, цуцлалтын төлбөр, tip, BID болон аппликейшнд урьдчилан харуулсан бусад төлбөрийг хэлнэ.
  9. “Хэтэвч” гэж хэрэглэгчийн UBCAB аппликейшн доторх урьдчилгаа төлбөр, урамшууллын үлдэгдлийг харуулах, үйлчилгээний төлбөрт ашиглах цахим бүртгэлийг хэлнэ. Хэтэвч нь хадгаламж, зээл, банкны данс, цахим мөнгө болон бие даасан төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй.
  10. “Хувийн мэдээлэл” гэж хэрэглэгч, жолооч болон бусад этгээдийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой мэдээллийг хэлнэ.
  11. “Аппликейшний дотоод дуудлага” гэж хэрэглэгч болон жолооч UBCAB аппликейшний дотоод техникийн шийдлээр дамжуулан үйлчилгээтэй холбоотой мэдээлэл солилцох зорилгоор дуу хоолойгоор харилцах боломжийг хэлнэ.
  12. “Аяллын үеийн дууны бичлэг” гэж үйлчилгээ “аялал эхэлсэн” төлөвт шилжсэн үеэс “аялал дууссан” төлөвт шилжих хүртэл хугацаанд жолоочийн төхөөрөмж дээрх UBCAB аппликейшнээр дамжуулан хийгдэх тээврийн хэрэгслийн доторх орчны дуу, харилцан ярианы бичлэгийг хэлнэ.
  13. “Жолоочийн төхөөрөмж” гэж жолооч UBCAB аппликейшн ашиглан үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэж буй гар утас, таблет болон бусад зөөврийн төхөөрөмжийг хэлнэ.
  14. “Гомдол, хүсэлт” гэж үйлчилгээний чанар, төлбөр, аюулгүй байдал, эд хөрөнгө, хувийн мэдээлэл, аппликейшний ажиллагаа болон бусад асуудлаар Юбикабд гаргасан санал, хүсэлт, гомдлыг хэлнэ.

3. Насны хязгаар

  1. UBCAB платформыг 16 болон түүнээс дээш насны хэрэглэгч бие даан ашиглаж болно.
  2. 12 болон түүнээс дээш настай боловч 16 насанд хүрээгүй этгээд UBCAB үйлчилгээг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр, тэдгээрийн төхөөрөмж, бүртгэл эсхүл хяналтын дор ашиглаж болно.
  3. Хэрэглэгч өөрийн бүртгэл, төхөөрөмж, төлбөрийн хэрэгслийг насанд хүрээгүй этгээдэд ашиглуулсан бол тухайн ашиглалтаас үүсэх төлбөр, хариуцлага, эрсдэлийг хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгч хариуцна.
  4. Юбикаб нь насанд хүрээгүй хэрэглэгчийн аюулгүй байдал, үйлчилгээний төрөл, эрсдэлийн түвшнийг харгалзан зарим үйлчилгээний төрөлд насны нэмэлт хязгаар, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, эсхүл тусгай нөхцөл тогтоож болно.

4. Хэрэглэгчийн эрх, үүрэг

  1. Хэрэглэгч UBCAB платформоор үйлчилгээ захиалах, үйлчилгээний төрөл, тариф, төлбөр, цуцлалтын нөхцөл, жолооч болон үйлчилгээний мэдээлэлтэй танилцах, үйлчилгээ цуцлах, үнэлгээ өгөх, санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэй.
  2. Хэрэглэгч үндэслэлгүй төлбөр, цуцлалтын төлбөр, нэмэлт төлбөр тооцогдсон гэж үзвэл Юбикабд хүсэлт, гомдол гаргах эрхтэй.
  3. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах, засуулах, устгуулах, боловсруулалтыг хязгаарлуулах болон хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэх хүсэлтийг Юбикабд гаргах эрхтэй.
  4. Хэрэглэгч үйлчилгээний явцад аюулгүй байдал, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой эрсдэл үүссэн гэж үзвэл аяллыг зогсоох, үйлчилгээ авахаас татгалзах, Юбикаб болон эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.
  5. Хэрэглэгч UBCAB платформд бүртгүүлэх, үйлчилгээ захиалах, төлбөр төлөх, гомдол хүсэлт гаргахдаа үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй.
  6. Хэрэглэгч өөрийн бүртгэл, төхөөрөмж, төлбөрийн хэрэгсэл, нэвтрэх мэдээлэл, баталгаажуулах кодын аюулгүй байдлыг хариуцна. Эдгээрийг бусдад дамжуулан ашиглуулснаас үүсэх эрсдэл, төлбөр, маргаан, хохирлыг хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгч хариуцна.
  7. Хэрэглэгч аппликейшнд тооцоологдсон болон өөрийн зөвшөөрсөн үйлчилгээний төлбөр, цуцлалтын төлбөр, нэмэлт төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй.
  8. Хэрэглэгч жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч, Юбикабын ажилтан, бусад хэрэглэгч болон гуравдагч этгээдтэй хүндэтгэлтэй, ёс зүйтэй харилцах үүрэгтэй.
  9. Хэрэглэгч худал дуудлага өгөх, үндэслэлгүйгээр олон дахин дуудлага цуцлах, платформын хэвийн ажиллагаанд саад учруулах, системд хууль бусаар нэвтрэх, хортой код оруулах, мэдээлэл өөрчлөх, хуулбарлах, автоматжуулсан хэрэгслээр халдахыг хориглоно.
  10. Хэрэглэгч үйлчилгээтэй холбоогүй хувийн харилцаа тогтоох, жолооч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчээс хувийн мэдээлэл, төлбөрийн мэдээлэл, нууцлалтай мэдээлэл шаардах, цуглуулах, ашиглах, задруулахыг хориглоно.
  11. Хэрэглэгч хууль бус, аюултай, бусдын эрхийг зөрчих, үйлчилгээний стандартад нийцэхгүй үйлдэл хийхийг жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчээс шаардахыг хориглоно.
  12. Хэрэглэгч тээврийн хэрэгсэлд согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тамхи татах, тээврийн хэрэгслийг бохирдуулах, гэмтээх, бусдад саад учруулах үйлдэл хийхийг хориглоно.
  13. Хэрэглэгч өөрийн болон хамт зорчигчийн үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч, Юбикаб болон гуравдагч этгээдэд учирсан бодит хохирлыг хуульд заасан хүрээнд нөхөн төлөх үүрэгтэй.
  14. Хэрэглэгчийн хувийн мэдээлэлтэй холбоотой харилцааг энэхүү нөхцөлийн 10 дугаар зүйл, Юбикабын Нууцлалын бодлого болон аппликейшн дээрх холбогдох мэдэгдэл, зөвшөөрлөөр зохицуулна.

5. Юбикабын эрх, үүрэг

  1. Юбикаб нь UBCAB платформын хэвийн, аюулгүй ажиллагааг хангах, хэрэглэгч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийг холбох, үйлчилгээний захиалга, төлбөр, гомдол хүсэлтийг зохион байгуулах эрхтэй.
  2. Юбикаб нь үйлчилгээний төрөл, тариф, төлбөрийн бүтэц, нэмэлт үйлчилгээ, урамшуулал, цуцлалтын нөхцөл болон платформ ашиглах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох, өөрчлөх эрхтэй.
  3. Юбикаб нь хэрэглэгч, жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдал, платформын хэвийн ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор зөрчил гаргасан хэрэглэгчийн үйлчилгээ ашиглах эрхийг түр хязгаарлах, бүртгэлийг түдгэлзүүлэх, хаах арга хэмжээ авч болно.
  4. Юбикаб нь гомдол, төлбөрийн маргаан, аюулгүй байдлын мэдээллийг шалгах зорилгоор аяллын мэдээлэл, төлбөрийн мэдээлэл, аппликейшний дотоод чат, дотоод дуудлагын техникийн мэдээлэл, аяллын үеийн дууны бичлэг болон бусад хууль ёсны мэдээллийг ашиглаж болно.
  5. Гэмт хэрэг, зөрчил, залилан, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан байж болзошгүй үйлдэл илэрсэн тохиолдолд Юбикаб холбогдох мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллагад гаргаж өгч болно.
  6. Юбикаб нь платформ, аппликейшн, үйлчилгээний аюулгүй байдал, хэрэглэгчийн туршлага, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор системийн шинэчлэл, засвар үйлчилгээ, түр хязгаарлалт хийх эрхтэй.
  7. Юбикаб нь UBCAB платформын хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр боломжит техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авна.
  8. Юбикаб нь бүртгэлтэй жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчид үйлчилгээний стандарт, хэрэглэгчтэй харилцах ёс зүй, аюулгүй ажиллагаа, хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой шаардлага тавьж, шаардлагатай мэдээллээр хангана.
  9. Юбикаб нь хэрэглэгчээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, тухайн асуудлын шинж чанар, нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэн боломжит хугацаанд шийдвэрлэх арга хэмжээ авна.
  10. Юбикаб нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуульд заасан үндэслэл, зорилго, хэмжээ, хугацааны хүрээнд цуглуулж, боловсруулж, хадгалж, хамгаална.
  11. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг Юбикаб дангаар эцэслэн шийдвэрлэхгүй бөгөөд хэрэглэгч, жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч болон холбогдох этгээд эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.
  12. Юбикаб нь интернет сүлжээ, банк, төлбөрийн байгууллага, төхөөрөмжийн үйлдлийн систем, гуравдагч этгээдийн платформ, хэрэглэгчийн төхөөрөмж, хэрэглэгчийн буруу ашиглалт, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тасалдал, сааталд өөрийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

6. Төлбөр

  1. UBCAB платформоор авах үйлчилгээний төлбөрийг үйлчилгээний төрөл, тариф, зай, хугацаа, эрэлт, замын нөхцөл, оргил цаг, нэмэлт үйлчилгээ, хэрэглэгчийн сонголт болон бусад хүчин зүйлд үндэслэн аппликейшнээр тооцоолж харуулна.
  2. Үйлчилгээний нийт төлбөрт бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн төлбөр, Юбикабын зуучлалын хөлс, нэмэлт үйлчилгээний төлбөр, татвар, хураамж, оргил цагийн нэмэгдэл, цуцлалтын төлбөр, tip, BID болон аппликейшнд урьдчилан харуулсан бусад төлбөр багтана.
  3. Хэрэглэгч үйлчилгээ захиалахаас өмнө аппликейшнд харуулсан тариф, урьдчилсан төлбөрийн тооцоолол, нэмэлт төлбөр, төлбөрийн арга, цуцлалтын нөхцөлтэй танилцах үүрэгтэй.
  4. Хэрэглэгч аппликейшнд тооцоологдсон, урьдчилан харуулсан, эсхүл өөрийн сонголтоор зөвшөөрсөн үйлчилгээний төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй.
  5. Аппликейшн дээр урьдчилан харуулаагүй, хэрэглэгч зөвшөөрөөгүй нэмэлт төлбөрийг хэрэглэгч төлөхөөс татгалзах эрхтэй. Харин хэрэглэгчийн буруутай үйлдлээс үүссэн цэвэрлэгээ, эд хөрөнгийн гэмтэл, хохирол болон хуульд заасан бусад төлбөрийг тусад нь шаардаж болно.
  6. Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг бэлэн мөнгө, банкны карт, банкны шилжүүлэг, хэтэвчний үлдэгдэл, бэлгийн карт, купон, урамшуулал болон Юбикабын зөвшөөрсөн бусад төлбөрийн аргаар төлж болно.
  7. Үйлчилгээний урьдчилсан төлбөрийн тооцоолол нь аяллын бодит зай, хугацаа, чиглэл, хүлээлгийн хугацаа, замын нөхцөл, хэрэглэгчийн өөрчлөлт, нэмэлт үйлчилгээ болон бусад хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж болно.
  8. Бэлэн бус төлбөрийн хэрэгсэл ашиглах тохиолдолд төлбөрийн хэрэгслийн хүчинтэй байдал, үлдэгдэл, банк болон төлбөрийн байгууллагын шимтгэл, гүйлгээний амжилттай эсэхийг хэрэглэгч хариуцна. Гуравдагч этгээдийн төлбөрийн системийн саатал, алдаа, шимтгэл, буцаалтад Юбикаб өөрийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  9. Хэрэглэгч үндэслэлгүй төлбөр, давхар гүйлгээ, буруу дүн, цуцлалтын төлбөр болон бусад төлбөрийн маргаантай гэж үзвэл аппликейшн болон хэрэглэгчийн үйлчилгээний сувгаар хүсэлт гаргаж болно.
  10. Төлбөрийн буцаалт, засвар, нөхөн олголт хийх эсэхийг тухайн гүйлгээний шинж чанар, үйлчилгээ үзүүлсэн эсэх, хэрэглэгчийн буруутай үйлдэл байгаа эсэх, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн тайлбар, банк болон төлбөрийн байгууллагын журам, хууль тогтоомжид үндэслэн шийдвэрлэнэ.

7. Хэрэглэгчийн урьдчилгаа төлбөр болон хэтэвч

  1. Хэрэглэгч UBCAB аппликейшн дэх хэтэвч хэсгийг Юбикабаас зөвшөөрсөн төлбөрийн аргаар урьдчилан цэнэглэж, UBCAB платформоор авах үйлчилгээний төлбөрт ашиглаж болно.
  2. Хэтэвчний үлдэгдэл нь зөвхөн UBCAB платформоор үйлчилгээ авах, төлбөр төлөх зориулалттай урьдчилгаа төлбөрийн эрх бөгөөд хадгаламж, зээл, банкны данс, цахим мөнгө, бие даасан төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй.
  3. Хэрэглэгч хэтэвч цэнэглэхдээ шилжүүлгийн утга, хэрэглэгчийн бүртгэл, утасны дугаар, гүйлгээний дүн болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.
  4. Андуурсан гүйлгээ, илүү төлөлт, буруу дүнтэй гүйлгээг буцаан шийдвэрлэхдээ Юбикаб тухайн гүйлгээний баримт, хэрэглэгчийн бүртгэл, төлбөрийн байгууллагын мэдээлэл болон шаардлагатай бусад баримтыг шалгана.
  5. Буцаан олголт хийх тохиолдолд тухайн гүйлгээ хийгдсэн анхны төлбөрийн хэрэгсэл, данс руу буцаан шилжүүлж болно. Банк, төлбөрийн байгууллагын шимтгэл, гүйлгээний хугацаа, шалгалтын нөхцөл үйлчилж болно.
  6. Купон, урамшуулал, бонус, промо кодоор үүссэн үлдэгдэл нь зөвхөн тухайн урамшууллын нөхцөлд заасан үйлчилгээ, хугацаа, зориулалтын хүрээнд ашиглагдана. Хууль, тухайн урамшууллын нөхцөлд өөрөөр заагаагүй бол бэлэн мөнгөөр буцаан олгохгүй, бусдад шилжүүлэхгүй, банкны данс руу гаргахгүй.
  7. Залилан, хууль бус гүйлгээ, бусдын төлбөрийн хэрэгсэл ашигласан, системийн алдаа ашигласан, олон бүртгэл үүсгэсэн байж болзошгүй нөхцөл илэрсэн тохиолдолд Юбикаб хэтэвч, купон, урамшууллын ашиглалтыг түр хязгаарлаж, шалгалт хийх эрхтэй.

8. Дуудлага өгөх, цуцлах, үйлчилгээний явц

  1. Дуудлага өгөх, цуцлах

    1. Хэрэглэгч UBCAB платформоор үйлчилгээ захиалахдаа үйлчилгээний төрөл, зорчигчийн тоо, авах болон хүргэх байршил, төлбөрийн арга, нэмэлт үйлчилгээ, тусгай шаардлага болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв сонгох үүрэгтэй.
    2. Хэрэглэгч дуудлага баталгаажуулахын өмнө аппликейшнд харуулсан тариф, урьдчилсан төлбөрийн тооцоолол, нэмэлт төлбөр, цуцлалтын нөхцөл, жолооч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн боломжит мэдээлэлтэй танилцсан байна.
    3. Дуудлага нь UBCAB платформын техникийн боломж, жолооч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн хүртээмж, байршил, үйлчилгээний төрөл, төлбөрийн нөхцөл болон бусад хүчин зүйлээс хамааран хүлээн зөвшөөрөгдөж, гүйцэтгэгдэнэ.
    4. Жолооч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч дуудлагыг хүлээн авахаас өмнө хэрэглэгч дуудлагаа цуцалж болно.
    5. Жолооч дуудлагыг хүлээн авч, хэрэглэгчийн заасан байршил руу хөдөлсөн, эсхүл заасан байршилд ирсэн тохиолдолд хэрэглэгч дуудлагаа цуцалбал аппликейшнд урьдчилан мэдэгдсэн цуцлалтын төлбөр тооцогдож болно.
    6. Хэрэглэгч цуцлалтын төлбөр үндэслэлгүй тооцогдсон гэж үзвэл аппликейшн болон хэрэглэгчийн үйлчилгээний сувгаар хүсэлт гаргаж болно. Үндэслэлгүй болох нь тогтоогдвол Юбикаб төлбөрийг цуцлах, буцаан олгох, эсхүл хэтэвчид залруулга хийх арга хэмжээ авч болно.
    7. Хэрэглэгч олон дахин үндэслэлгүй дуудлага өгөх, цуцлах, жолооч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргасан тохиолдолд Юбикаб үйлчилгээ ашиглах эрхийг түр хязгаарлах, бүртгэлийг шалгах, түдгэлзүүлэх арга хэмжээ авч болно.
  2. Үйлчилгээний явц

    1. Хэрэглэгч үйлчилгээний явцад аппликейшнд заасан авах болон хүргэх байршил, үйлчилгээний төрөл, зорчигчийн тоо, ачааны хэмжээ, төлбөрийн нөхцөл болон холбогдох бусад нөхцөлийг дагаж мөрдөнө.
    2. Хэрэглэгч зөвшөөрөгдсөн зорчигчийн тооноос илүү хүн зорчуулах, тухайн үйлчилгээний төрөлд тохирохгүй ачаа, эд зүйл тээвэрлүүлэх, хууль бус, аюултай, хориглосон зүйл тээвэрлүүлэхийг шаардах эрхгүй.
    3. Жолооч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хүсэлт хууль тогтоомж, үйлчилгээний нөхцөл, аюулгүй ажиллагаа, тээврийн хэрэгслийн багтаамж, үйлчилгээний төрөлд нийцэхгүй гэж үзвэл үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
    4. Хэрэглэгч аяллын явцад маршрутаа өөрчлөх, нэмэлт зогсолт хийх, үйлчилгээний нөхцөл өөрчлөх хүсэлт гаргаж болох бөгөөд үүнээс шалтгаалан төлбөр, хугацаа, үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөж болно.
    5. Хэрэглэгч болон хамт зорчигч нь тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан, бохирдуулсан, эд зүйл гэмтээсэн, жолооч болон гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлыг хуульд заасан хүрээнд нөхөн төлнө.
  3. Аппликейшний дотоод дуудлага

    1. Хэрэглэгч болон жолооч нь үйлчилгээний байршил, авах болон хүргэх цэг, аяллын нөхцөл, төлбөр, үйлчилгээний явцтай холбоотой мэдээлэл солилцох зорилгоор UBCAB аппликейшний дотоод дуудлагыг ашиглаж болно.
    2. Аппликейшний дотоод дуудлага нь аяллын үеийн дууны бичлэгээс тусдаа харилцаа бөгөөд дуудлага хийгдсэн огноо, цаг, үргэлжилсэн хугацаа, холбогдсон талуудын бүртгэлийн мэдээлэл зэрэг техникийн мэдээллийг үйлчилгээний аюулгүй байдал, гомдол, маргаан шийдвэрлэх зорилгоор хадгалж болно.
    3. Хэрэглэгч болон жолооч нь Аппликейшний дотоод дуудлагыг зөвхөн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл солилцох зорилгоор ашиглах бөгөөд үйлчилгээтэй холбоогүй хувийн харилцаа тогтоох, бусдын хувийн мэдээлэл шаардах, цуглуулах, ашиглах, задруулахыг хориглоно.
  4. Аяллын үеийн дууны бичлэг

    1. Жолооч нь өөрийн болон бусдын өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор UBCAB аппликейшний техникийн шийдлээр дамжуулан аяллын үеийн дууны бичлэг хийх боломжтой.
    2. Аяллын үеийн дууны бичлэг нь хэрэглэгчийн захиалсан үйлчилгээ жолоочийн аппликейшн дээр “аялал эхэлсэн” төлөвт шилжсэн үеэс “аялал дууссан” төлөвт шилжих хүртэл хугацаанд хийгдэнэ.
    3. Аяллын үеийн дууны бичлэг нь жолоочийн хувийн тээврийн хэрэгсэл дотор хийгдэх боловч UBCAB аппликейшнээр дамжин үйлчилгээний харилцааны хүрээнд хийгдэж байгаа тул хэрэглэгч, жолооч болон хамт зорчигчийн хувийн мэдээллийг агуулж болзошгүй. Иймд Юбикаб уг мэдээллийг хуульд нийцүүлэн цуглуулж, боловсруулж, хадгална.
    4. Аяллын үеийн дууны бичлэгийг жолооч, хэрэглэгч, хамт зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах, жолоочийн тээврийн хэрэгсэл болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, үйлчилгээний явцад үүссэн гомдол, маргаан, зөрчил, хууль бус үйлдлийг шалгах, залилан, хүчирхийлэл, заналхийлэл, эд хөрөнгө гэмтээх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглана.
    5. Аяллын үеийн дууны бичлэг хийгдэх тохиолдолд аялал эхлэхээс өмнө хэрэглэгчид аппликейшн дээр ойлгомжтой, тодорхой хэлбэрээр урьдчилан мэдэгдэнэ.
    6. Хэрэглэгч аяллын үеийн дууны бичлэгийн мэдэгдэлтэй танилцаж, аяллыг эхлүүлэх буюу үргэлжлүүлснээр тухайн аяллын хугацаанд дууны бичлэг хийгдэхийг зөвшөөрсөнд тооцно.
    7. Хэрэглэгч дууны бичлэг хийгдэхийг зөвшөөрөхгүй бол тухайн аяллыг эхлүүлэхгүй байх, эсхүл аяллыг цуцлах эрхтэй. Жолоочийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах шаардлагаас шалтгаалан зарим үйлчилгээний үед аяллын үеийн дууны бичлэг нь үйлчилгээ үзүүлэх нөхцөл байж болно.
    8. Жолооч аяллын үеийн дууны бичлэгийг өөрийн хувийн зорилгоор ашиглах, хуулбарлах, татаж авах, засварлах, устгах, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гуравдагч этгээдэд дамжуулах боломжгүй байна.
    9. Юбикаб нь аяллын үеийн дууны бичлэгийг сурталчилгаа, маркетинг, олон нийтэд түгээх, хэрэглэгч болон жолоочийг хууль бусаар хянах, биометрик таних, зан төлөвийн үнэлгээ хийх зорилгоор ашиглахгүй.
    10. Юбикаб нь аяллын үеийн дууны бичлэгийг ердийн нөхцөлд 90 хоног хадгална. Гомдол, маргаан, зөрчил, шалгалт, даатгалын нэхэмжлэл, эрх бүхий байгууллагын шаардлага үүссэн тохиолдолд тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хадгалж болно.
    11. Аяллын үеийн дууны бичлэгт зөвхөн Юбикабын эрх бүхий ажилтан албан үүргийн шаардлагаар, хандалтын эрхийн хязгаарлалттайгаар нэвтэрч сонсоно. Бичлэгт хандсан, сонссон, хуулбарласан, дамжуулсан үйлдлийг бүртгэлжүүлнэ.
    12. Хэрэглэгч эсхүл жолооч өөрт хамаарах аяллын үеийн дууны бичлэгтэй танилцах хүсэлт гаргаж болно. Юбикаб хүсэлтийг шийдвэрлэхдээ бусад этгээдийн хувийн мэдээлэл, хууль ёсны ашиг сонирхол, мэдээллийн аюулгүй байдал болон хуульд заасан хязгаарлалтыг харгалзан үзнэ.
    13. Эрх бүхий байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардсан тохиолдолд Юбикаб аяллын үеийн дууны бичлэгийг танилцуулах, сонсгох, хуулбарлан өгөх боломжтой.
  5. Аюулгүй байдал, үйлчилгээ зогсоох

    1. Хэрэглэгч, жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл үүссэн тохиолдолд аль ч тал үйлчилгээг зогсоох, аюулгүй байршилд буух, Юбикаб болон эрх бүхий байгууллагад мэдэгдэх эрхтэй.
    2. Согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хүчирхийлэл, заналхийлэл, доромжлол, эд хөрөнгө гэмтээх, хууль бус үйлдэл гаргасан хэрэглэгчид жолооч үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
    3. Аюулгүй байдлын шалтгаанаар үйлчилгээ зогссон тохиолдолд төлбөр, цуцлалт, хохирол, гомдлыг тухайн нөхцөл байдал, талуудын тайлбар, системийн бүртгэл, боломжит нотлох баримтад үндэслэн шийдвэрлэнэ.

9. Жолоочийг үнэлэх, гомдол гаргах

  1. Хэрэглэгч үйлчилгээ авсны дараа жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний чанар, харилцаа, аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн байдал, цаг баримтлал болон бусад үзүүлэлтэд үндэслэн үнэлгээ, санал өгөх боломжтой.
  2. Хэрэглэгч үнэлгээ, санал өгөхдөө үнэн зөв, бодитой байх, бусдын нэр төр, алдар хүнд, хувийн мэдээлэл, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.
  3. Юбикаб нь хэрэглэгчийн өгсөн үнэлгээ, санал, гомдлын мэдээллийг үйлчилгээний чанарыг сайжруулах, жолооч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн стандартыг үнэлэх, маргаан шалгах зорилгоор ашиглаж болно.
  4. Хэрэглэгч үйлчилгээний чанар, жолоочийн харилцаа, төлбөр, цуцлалт, эд хөрөнгө, аюулгүй байдал, хувийн мэдээлэл, аппликейшний ажиллагаа болон бусад асуудлаар Юбикабд гомдол, хүсэлт гаргаж болно.
  5. Гомдол, хүсэлтийг аппликейшний гомдол, хүсэлтийн хэсэг, хэрэглэгчийн үйлчилгээний утас, чат, цахим шуудан болон Юбикабаас зөвшөөрсөн бусад сувгаар гаргаж болно.
  6. Хэрэглэгч гомдол гаргахдаа тухайн аяллын дугаар, огноо, цаг, үйлчилгээний төрөл, төлбөрийн мэдээлэл, болсон үйл явдлын тайлбар, нотлох баримт болон шаардлагатай бусад мэдээллийг боломжит хэмжээнд үнэн зөв өгнө.
  7. Юбикаб нь гомдлыг аяллын мэдээлэл, төлбөрийн мэдээлэл, аппликейшний дотоод чат, дотоод дуудлагын техникийн мэдээлэл, аяллын үеийн дууны бичлэг, талуудын тайлбар болон бусад хууль ёсны мэдээлэлд үндэслэн шалгаж болно.
  8. Хэрэглэгч өөрийн эд зүйлээ тээврийн хэрэгсэлд үлдээсэн, мартсан, гээгдүүлсэн гэж үзвэл боломжит богино хугацаанд Юбикабд хүсэлт гаргана. Юбикаб тухайн аялал гүйцэтгэсэн жолоочтой холбогдох, аяллын мэдээллийг шалгах, талуудыг холбох зэрэг боломжит арга хэмжээ авна.
  9. Юбикаб нь жолооч, хэрэглэгчийн мэдэлд байсан хувийн эд зүйлсийн бүрэн бүтэн байдал, алдагдал, гэмтэлд өөрийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  10. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэсэн асуудлаар хэрэглэгч, жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч нь эрх бүхий байгууллагад шууд хандах эрхтэй. Юбикаб нь ийм асуудлыг дангаар эцэслэн тогтоох, шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш.
  11. Аюулгүй байдлын гомдол, заналхийлэл, хүчирхийлэл, эд хөрөнгө гэмтээх, төлбөрөөс зайлсхийх, залилан, бусдын хувийн мэдээлэл хууль бусаар ашиглах зэрэг үйлдэл илэрсэн тохиолдолд Юбикаб үйлчилгээ ашиглах эрхийг түр хязгаарлах, бүртгэлийг түдгэлзүүлэх, шалгах арга хэмжээ авч болно.
  12. Юбикаб нь гомдлыг шалгасны үндсэн дээр төлбөрийн залруулга хийх, цуцлалтын төлбөр хүчингүй болгох, хэтэвчид буцаалт хийх, жолоочид сануулах, үйлчилгээ ашиглах эрхийг хязгаарлах, бүртгэл түдгэлзүүлэх, эсхүл гомдлыг үндэслэлгүй гэж үзэх зэрэг арга хэмжээ авч болно.
  13. Хэрэглэгч Юбикабын гомдлын шийдвэртэй санал нийлэхгүй бол дахин хянуулах хүсэлт гаргах, эсхүл хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллага, шүүхэд хандах эрхтэй.

10. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, хувийн мэдээлэл боловсруулах

  1. Юбикаб нь үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийг холбох, төлбөр тооцоо хийх, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, гомдол маргаан шийдвэрлэх, хуульд заасан шаардлагыг биелүүлэх зорилгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, хадгалж болно.
  2. Юбикаб нь үйлчилгээний онцлогоос хамааран хэрэглэгчийн холбоо барих мэдээлэл, байршил, аяллын мэдээлэл, төлбөрийн мэдээлэл, төхөөрөмжийн мэдээлэл, гомдол хүсэлт, аппликейшний дотоод дуудлагын техникийн мэдээлэл болон аяллын үеийн дууны бичлэгийг боловсруулж болно.
  3. Юбикаб нь хэрэглэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн байгууллага, банк, и-баримтын систем, даатгалын байгууллага, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн үйлчилгээний нэгж болон гэрээт үйлчилгээ үзүүлэгчид дамжуулж болно.
  4. Эрх бүхий байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардсан тохиолдолд Юбикаб хэрэглэгчийн бүртгэл, аяллын мэдээлэл, төлбөрийн мэдээлэл, гомдлын бүртгэл, аяллын үеийн дууны бичлэг болон холбогдох бусад мэдээллийг танилцуулах, хуулбарлан өгөх боломжтой.
  5. Юбикаб нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар худалдах, түрээслэх, зөвшөөрөлгүй сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломжит арга хэмжээ авна.
  6. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах, засуулах, устгуулах, боловсруулалтыг хязгаарлуулах, зөвшөөрлөө цуцлах болон хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэх хүсэлтийг Юбикабд гаргаж болно. Ийм хүсэлтийг шийдвэрлэхдээ Юбикаб хуульд заасан хадгалах үүрэг, бусад этгээдийн эрх, мэдээллийн аюулгүй байдал, гомдол маргаан байгаа эсэхийг харгалзан үзнэ.

11. Мэдэгдэл хүргүүлэх

  1. Юбикаб нь хэрэглэгчид үйлчилгээний мэдээлэл, захиалгын төлөв, төлбөр, гомдлын хариу, аюулгүй байдлын мэдэгдэл, нөхцөлийн өөрчлөлт болон бусад холбогдох мэдээллийг аппликейшн, SMS, цахим шуудан, чат, дуудлага, www.ubcab.mn вэбсайт болон бусад тохиромжтой сувгаар хүргэж болно.
  2. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй утасны дугаар, цахим шуудан, аппликейшний мэдэгдлийн тохиргоо болон холбоо барих мэдээллийг үнэн зөв, шинэчилсэн байлгах үүрэгтэй. Буруу, хуучирсан, идэвхгүй мэдээллээс шалтгаалан мэдэгдэл хүлээн аваагүй эрсдэлийг хэрэглэгч хариуцна.
  3. Хэрэглэгч болон жолооч нь UBCAB аппликейшний дотоод дуудлага, чат болон Юбикабын зөвшөөрсөн бусад апп доторх сувгаар зөвхөн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл солилцож болно.
  4. Аяллын үеийн дууны бичлэг хийгдэх тохиолдолд хэрэглэгчид аялал эхлэхээс өмнө аппликейшнээр болон/эсхүл бусад ойлгомжтой хэлбэрээр урьдчилан мэдэгдэнэ. Мэдэгдэлд бичлэг хийх зорилго, хадгалах хугацаа, хэрэглэгчийн сонголт болон холбогдох нөхцөлийг ерөнхий байдлаар тусгана. Мөн тээврийн хэрэгсэл дотор дууны бичлэг хийгдэж болзошгүй талаар анхааруулга байршуулж болно.
  5. Хэрэглэгч Юбикабд гомдол, хүсэлт, санал, мэдээлэл хүргүүлэхдээ аппликейшний чат, гомдол хүсэлтийн хэсэг, хэрэглэгчийн үйлчилгээний утас, цахим шуудан болон Юбикабаас зөвшөөрсөн бусад сувгийг ашиглаж болно.
  6. Маркетинг, урамшууллын мэдэгдлийг хэрэглэгч хууль болон аппликейшний тохиргоонд нийцүүлэн хүлээн авахаас татгалзах, тохиргоогоо өөрчлөх боломжтой. Харин үйлчилгээний аюулгүй байдал, төлбөр, захиалга, нөхцөлийн өөрчлөлт, хуульд заасан шаардлагатай холбоотой зайлшгүй мэдэгдлийг Юбикаб хүргэж болно.

12. Хариуцлага, маргаан шийдвэрлэх

  1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл, үйлчилгээний төрөл тус бүрийн нэмэлт нөхцөл, Юбикабын дүрэм, журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн этгээд хуульд заасан хариуцлагыг хүлээнэ.
  2. Хэрэглэгч, жолооч, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр төр, хувийн мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдалд учруулсан хохирлыг хуульд заасан үндэслэл, хэмжээгээр хариуцна.
  3. Юбикаб нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс хэрэглэгчид учирсан бодит хохирлыг хуульд заасан үндэслэл, хэмжээгээр хариуцна.
  4. Юбикаб нь хэрэглэгч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийг холбох технологийн платформ, зуучлалын үйлчилгээ үзүүлэгч бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн үйлдэл, эс үйлдэхүй, үйлчилгээний чанар, харилцаа, тээврийн хэрэгслийн байдал, гуравдагч этгээдэд учруулсан хохиролд өөрийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  5. Интернет сүлжээ, банк, төлбөрийн байгууллага, карт гаргагч, төхөөрөмжийн үйлдлийн систем, гуравдагч этгээдийн платформ, хэрэглэгчийн төхөөрөмж, хэрэглэгчийн буруу ашиглалт, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тасалдал, саатал, төлбөрийн доголдол, үйлчилгээ тасалдсан нөхцөлд Юбикаб өөрийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  6. UBCAB платформын төлбөрийн тооцоолол, жолоочийн байршил, ирэх хугацаа, аяллын хугацаа, маршрут, үйлчилгээний боломжит байдал нь техникийн болон бодит нөхцөлөөс шалтгаалан өөрчлөгдөж болох бөгөөд маргааныг тухайн нөхцөл байдал, системийн бүртгэл, талуудын тайлбар болон бусад нотлох баримтад үндэслэн шийдвэрлэнэ.
  7. Хэрэглэгч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүссэн үйлчилгээний чанар, төлбөр, эд хөрөнгө, хохирол, харилцаатай холбоотой маргаанд Юбикаб өөрт байгаа мэдээлэл, бүртгэл, гомдлын сувгаар дамжуулан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж болно. Гэмт хэрэг, зөрчил, иргэний хохирлын маргааныг эрх бүхий байгууллага, шүүхээр шийдвэрлүүлнэ.
  8. Үйлчилгээтэй холбоотой гомдол, маргааныг талууд эхний ээлжид Юбикабын хэрэглэгчийн үйлчилгээ, гомдол шийдвэрлэх сувгаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.
  9. Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон UBCAB платформ ашиглахтай холбоотой харилцаанд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ.

Хавсралт 1. Хувийн зорчигч тээврийн үйлчилгээний нэмэлт нөхцөл Хавсралт 2. Шуурхай хүргэлтийн үйлчилгээний нэмэлт нөхцөл Хавсралт 3. Түрээсийн үйлчилгээний нэмэлт нөхцөл Хавсралт 4. Дуудлагын жолоочийн үйлчилгээний нэмэлт нөхцөл

Хувилбар 3.0

Огноо: 2026.05.14